Thursday, December 13, 2012

Чөлөөт цаг

Он гарахаас өмнө заавал хийх 10 зүйл



Шинэ жил дөхөхөөр үдэшлэгт ямар даашинз өмсөх, үсчинд хэзээ цаг товлох, он гарахын өмнөх “их” оройн хоолонд юу зооглох вэ зэрэг олон жижиг сажиг зүйлс бидний толгойнд эргэлдэж байдаг.
Он гарахаас өмнө заавал хийх 10 зүйл
Харин шинэ он гарахын өмнө чухам ямар чухал зүйлсийг зөвхөн өөртэйгээ тулж ажиллаад, хийж амжуулах ёстойг Гоолингоо нь сануулж байна. Эдгээр “том чулуунуудаа” нэгэнт шилэн ваарандаа хийгээд авчихсан цагт жижигхэн үйрмэгүүдийг хийх зай олдож л таараа.
1. Хуучин өмсдөггүй хувцаснуудаа гаргаж хая
Шкаванд чинь л байж байдаг, тэгсэн мөртлөө нэг ч өмсөгддөггүй “Сайхан амьтад”-даа баяртай гэж хэл. Тэднийг хаялаа гээд шкав чинь хоосрохгүй учраас зоригтойгоор бүгдийг нь уутанд хийж дангинатал нь зангидаад гаргачих. Чи нэг, эсвэл хоёр уут хуучин хувцас хаясан бол эргээд шинэ онд чамд хэд дахин үржигдсэн тоогоор уут уут дүүрэн хувцаснууд ирэх болно. Гэхдээрээ бүгд загварлаг, шинэ гээд төсөөлөөд үз дээ!
2. Хуучин номнуудаа номын худалдаачинд аваачиж өг
Нэгэн үед хэргээ гаргасан арван жилийн сурах бичгүүд, чамайг онц сурлагатан байсныг чинь илтгэх физик, химийн бодлогын хураамжуудаа ном зардаг хүмүүст аваачаад өгчих. Хамгийн гол нь чамд цаг зав байхгүй байсан биз дээ. Тэгвэл он гарахаас өмнө заавал тэдгээр хуучин, хэрэггүй болсон зүйлсээс салаарай. Гадны хүнд өгмөөргүй байгаа бол хамаатны дүү, хажуу айлын жаалд ч өгсөн болно. Гэхдээ тэднээс хэрэгтэй эсэхийг нь асууна, аваачиж өгнө гэх мэтээр цаг алдах учраас нэг мөсөн бүгдийг нь худалдаачинд өгчихвөл зүгээр. Нэг их үнэ хүрэхгүй учраас зүгээр бэлэглэчихвэл хэн хэндээ амар. Шинэ жил болох гэж байхад танихгүй нэг ч гэсэн хүнийг баярлуулая л даа?
3. Хуучирсан харилцаануудаа цэгцэл
Яагаад хуучирсан гэж хэлж байгаа гээч! Хуучин хувцас, номыг гаргаж хаях, өөр хүнд өгөхөд л нэгмөсөн түүний тухай бодохоо больдог бол хуучирсан харилцааг сэтгэлдээ л цэгцлэхгүй бол хэзээ ч мартагддаггүй, сүүдэр шиг дагаж явдаг. Тиймээс урьд нь үерхсэн, салсан, муудалцаж байсан бүх төрлийн харилцаануудаа цэгцэлж, эвээр шийд. Шинэ онд чамайг цоо шинэ хүмүүс, сайхан учралууд тосох учраас өнгөрснөө түүнд бүү саад болгоорой. Жаргалтай амьдралын нэгэн үндэс нь харамсах зүйлгүй өнгөрсөнтэй байхад оршдог учраас он гарах гэж байхад нэг ч харилцаанаас болж өөрийгөө гуниглуулах ёсгүй шүү.
B>4. Уншаагүй имейлүүдээ шалгаж, устгахыг нь устга
Цахим шуудангаа нээх бүрт өөдөөс хэдэн зуун уншаагүй имейлүүд угтдаг. Хэрэгтэй гэснээ хайж олж уншчихаад бусдыг нь нээхгүй яваад байдаг бол одоо лав мянга гарахаар тоологдож байгаа даа? 2013 онд тэдгээр хуучин муусайн, зар сурталчилгаа, элдэв клуб, үйл ажиллагааны уншаагүй урилгуудтайгаа угтахыг өөртөө яасан ч бүү хүлээн зөвшөөр. Устгахыг нь устгаад, иймэрхүү төрлийн зар имейлүүдийг Trash- руу автоматаар ордог болгож өөрчлөөрэй.
5. Талархал илэрхийлэх ёстой хүмүүстээ шуудан илгээ
Чамайг гадаадад байхад тусалж байсан, эсвэл хэзээ ч мартахгүй дурсамж бэлэглэсэн хүмүүстээ талархаж, шинэ жилийн мэндчилгээ илгээ. Ялангуяа одоо уулзаж чадахгүй болсон гадаад найз нөхөд, хамтрагчиддаа баярын захиа илгээж өөрийгөө сануулаарай. Тэд ямар их баярлана гээч!
B>6. Санхүүгээ тооц
Энэ оныг хэр их зарлага, орлоготойгоор үдэж байгаагаа тооцож гарга. Нэг бүрчлэн зарцуулсан хөрөнгөө тооцож үзэх боломжгүй ч их мөнгө зарцуулсан томоохон худалдан авалтуудаа нэмээд үзээрэй. Зарлага чинь санаснаас нь их байна уу? Орлого нь тогтмол өсөж байна уу? Дараа жил чи юунд мөнгөө бага зарцуулах ёстой вэ? Яавал өөрийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой байна?
7. Гэрийнхээ тавилгын байрлалыг өөрчил
Өглөө сэрчихээд цайгаа ууж суухдаа үүнийг ингээд өөрчилчих юмсан гэж бодоод нэг л завдал гарч өгөхгүй байсан уу? Тэгвэл одоо чамд сайхан далим гарч ирж байна. Шинэ оныг шинэ орчинтойгоор угт. Тавилгануудынхаа байрлалыг бага зэрэг өөрчилж, тод өнгөтэй бүтээлэг буйдан дээрээ бүтээхэд л ямар шинэ мэдрэмж төрөхийг чи төсөөлөх ч үгүй!
8. Амжилтаа тэмдэглэ
Юуны амжилт вэ гэж үү? Мэдээж чинийх хонгор минь. Энэ онд ажил дээрээ хичнээн алдаа гаргаж, хичээл дээрээ муу дүн авч, найз залуугаасаа салсан чинь хамаагүй чи жилийн төгсгөл хүртэл бүхнийг тэвчиж, тэмцэж, туулж ирсэн учраас амжилтаа тэмдэглэ. Тэнгэрт зөвхөн шонхорууд л нисдэг юм! Чи энэ жилийн туршид их зүйлийг хийж, хангалттай сайн байсан. Тиймээс өөрийгөө заавал баярлуулаарай.
9. Ирэх оны төлөвлөгөөгөө гарга
Шинэ он гарах гээд догдолж, хэрхэн баярлахаа л бодож байхад чинь юун төлөвлөгөө гаргах? Гэхдээ чамд ирэх 365 хоногийн төлөө гурван минут зарцуулахад л амьдрал чинь хичнээн ч янзаар өөрчлөгдөж болно гээд төсөөлөөд үз дээ. Тиймээс өөрийнхөө төлөө хэсэг суугаад, ирэх онд чи юу хийж, хаана хүрмээр байгаагаа тодорхойлоод биччих. Бичсэнийхээ дараа үнэхээр эдгээр зүйлсэд л хүрэхэд болоо гэж үү? гэж асуугаарай.
10. Гэрийнхнээ баярлуул
Энэхүү жагсаалтын хамгийн чухал нь ч байж мэднэ. Хэзээд уул шиг түшигтэй байдаг аав, зам бүхнийг чинь засахыг хичээдэг ээж, хамт бүхнийг туулдаг хань, чамайг жаргалтай болгодог үр хүүхэд, дүү нараа бүгдийг нь баярлуул. Тэд байхгүй байсан бол амьдрал ямар өөр байх бол? Хүнд сайхан үгс халган байж, ганц хоёр хэлдэг “ичимхий” байсан ч тэдэндээ хайртай гэдгээ, ямар их баярлаж явдгаа илэрхийлээрэй. Тэгвэл ирэх хэдэн арван жилд ч чамтай хамт байх болно.
                                              

Яаж өөртөө ном унших цаг гаргах вэ?

Ажил & Мөнгө |

Урьд нь оюутан байхдаа мөнгө муутай болохоор шинэ гарсан гоё номнуудыг тэр болгон авч чаддаггүй байлаа. Найз нөхдөөсөө гуйж, эсвэл номын дэлгүүрт хөлөө чилтэл зогсож байж л цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг байсан юм. Харин одоо уншихыг хүсч байгаа номнуудаа гэртээ давхарлаад өрчихсөн мөртлөө л завдал болж өгөхгүй, өдөрт ганц, нэгхэн хуудас уншаад л өөр юм хийх хэрэгтэй болно. Тэгээд бодлоо л доо, яаж өөртөө ном унших цаг гаргах вэ гэж.
Яаж өөртөө ном унших цаг гаргах вэ?
Хөнгөхөн жинтэй ном ав
Сүүлийн үеийн сонирхолтой номнуудыг ажлын цаг заваараа унших гээд цүнхэлж авч явахаар хүнддээд, маргаашнаас нь гэртээ орхиод гүйчихдэг. Тэгвэл одооноос уншихаар зэхсэн номнууддаа жингийн хяналт тогтоож эхлэ. Төө хэртэй зузаан ч, хуудаснууд нь маш хөнгөхөн гадаад ном зардаг тусгай дэлгүүр ч бий. Хэрвээ хүнд жинтэй ном зайлшгүй цүнхлэхээр болвол бусад жижиг сажиг зүйлсээ гаргаж хөнгөлөөрэй.
Төлөвлөгөөтэй бол
Аль номыг ямар үед унших вэ гэдгээ тогтоосон төлөвлөгөө гарга. Ялангуяа олон номыг ойрын хугацаанд уншиж дуусгах шаардлагатай бол шүү дээ. Хэлний мэдлэгээ сайжруулах дасгалтай номоо өдрийн цайны цагаар хараад, нөгөө зузаан уран зохиолын номоо орой бууз жигнэх хоорондоо уншина гэх мэтчилэн богино гэлтгүй цаг гарах тохиол бүрийг ашиглаж сураарай. Бага багаар ахисаар, нэг л мэдэхэд дуусчихсан байх вий.
Унших хүслийг чинь улам бадраах номыг л унш
Зарим номыг гоё гэж бодоод уншиж эхлэхээр санасанд хүрэхгүй байх тохиолдол олон бий. Тиймээс хуудас эргүүлэх бүрт улам унших хүсэл төрүүлэхүйц сайхан номнуудыг л сонгож унш. Яаж мэдэх вэ гэж үү? Олон нийтийн цахим сүлжээний аль нэг номны группээс л ямар ном хүмүүсийг хамгийн их шууруулж байгааг амархан мэдэж болно.
Хараанд өртөхүйц газруудыг сонго
Булангийн жижиг тавиурууд, тольны урд талын хэсэг, гал тогооны сувинерийн тавиур зэрэг байнга хүрдэг, тэндээс ямар нэгэн зүйл авах гэж очдог газрууддаа номоо байршуулчих. Харах бүрдээ л барьж авч уншаад байна гэсэн үг шүү дээ.
Технологийн дэвшлийг ашигла
Ухаалаг гар утас, таблетүүд зөвхөн харагдах байдлаасаа ч гоё юм биш. Тэд өдөр тутмын ажлыг хөнгөвчлөн, цаг хэмнэх асар их ач тустай. Гар утсандаа уншихыг хүсдэг ном, сэтгүүлүүдээ татаж аваад дуртай үедээ уншиж болно. Таксинд бөглөрөөд зогсож байхдаа, албан газар хүн хүлээгээд сууж байхдаа зузаан ном гаргаж ирэхийн оронд утастайгаа нөхөрлөөд байж байя л даа?
Ном уншихгүй амьдрана гэдэг хамгийн утгагүй зүйл. Түүнд заавал цаг гаргаж байх хэрэгтэй. Харин өнөөгийн завгүй амьдралын хэв маяганд “ заавал байх ёстой” номын цагаа хавчуулж сурах нь нэг ёсондоо бүсгүйчүүд бидний овсгоог шалгаж буй хэрэг юм. Учир нь номноос авах үнэ цэнэ хэзээ ч бууж байгаагүй, буух ч үгүй.
                                                              

No comments:

Post a Comment